Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь 1959 онд байгуулагдсан. Ховдын хязгаарын Шеруши хошуун буюу одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдаж гарсан.
Сагсай сум нь 1959 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. 313999 га газар нутагтай. Ямаат, Холагаш, Цагаан асгат, Хаг, Даян, Өмнө гол, Уужим гэсэн 7 багийн 1372 өрхөд 5783 хүн амьдардаг. Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 5-д, газар нутгийн хэмжээгээр /313999 га/ 7-д ордог. Нийт хүн амын 2450 нь хөдөлмөрийн насных байна.
Баруун талаараа БНХАУ-тай, өмнөд талаараа Буянт, хойд талаараа Улаанхус, Цэнгэл, зүүн талаараа Бугат, Өлгий сумуудтай тус тус хил залгадаг бөгөөд аймгийн төвөөс 26 км, нийслэл Улаанбаатар хотоос 1667 км, хил залгаа Ховд аймгийн төвөөс 237 км, Увс аймгийн төвөөс 328 км, зэргэлдээ Улаанхус сумын төвөөс 45 км, Цэнгэл сумын төвөөс 50 км, Буянт сумын төвөөс 50 км, Бугат сумын төвөөс 32 км зайд оршдог бөгөөд улсынхаа хамгийн баруун хэсэгт байрласан. Газрын хөрсөн бүрхүүлийн хувьд элс, шавар, хайрга голлосон хөрстэй.
Алдарт мөнх цаст Цэнгэлхайрхан, Мээмтийн даваа, Ирмэгтийн даваа, Бүргэд, Холагаш, Цагаан асгат, Монгол дараа, Хүрэмт зэрэг уулс, нуруудтай. Даян нуур, Хар нуур зэрэг 77 их, бага нуур болон Ёлт, Сонгинот, Ямаат, Арцат, Сагсай, Ховд, Турган зэрэг 57 шандас, булаг, горхитой, 6 төрлийн рашаантай.
БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ
Далайн түвшинээс дээш 1750 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид багтдаг.
E89038.56.39 N48054.44.40 солбицолд оршдог.
Газар хөдлөлтийн эрчим 7 балл хүртэл
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Турган, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон Ямаат, Сонгинот зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой.
ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ
Хуурай, дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй.
1 дүгээр сарын дундаж температур -270С
7 дугаар сарын дундаж температур +250С
Жилийн дундаж салхины хурд 6-10 м/с
Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм, 2023 онд хур тунадас олон жилийн дундажаас бага буюу 250 мм орчим байсан.
Сонгинот, Ямаат зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай, ховордсон ан амьтан /хүрэн баавгай, ирвэс, янгир ямаа, буга, аргаль/, ургамалаар /хар мод, гацуур, нарс, улиас, бургас, хус, хайлаас, арц, алтан гагнуур, хүн орхоодой, таван салаа, цагаан уул, удвал, Алтайн сармисан сонгино г.м/ баян.
Нийт газар нутгийн хэмжээ 313.999 га. Үүнээс:
Зориулалт |
Хэмжээ /га/ |
Нийт талбайд эзлэх хувь |
Хөдөө аж ахуйн газар |
168402 |
53.631 |
Ойн сан бүхий газар |
19685 |
6.269 |
Усан сан бүхий газар |
2194 |
0.698 |
Тусгай хэрэгцээний газар |
122148 |
38.900 |
Суурин газар |
443 |
0.141 |
Дэд бүтцийн газар |
1127 |
0.358 |
ЭДИЙН ЗАСАГ
Сумын 2023 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэр 1.269.184.1 мянган төгрөг
Сумын татварын болон татварын бус орлого 519.995.2 мянган төгрөг
Сумын төсөвт Аймгаас олгох санхүүгийн дэмжлэг 468.909.5 мянган төгрөг
Сумын төсөвт Аймаг, Орон нутгийн хөгжлийн сангаас сум орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 215.909.8 мянган төгрөг
Сумын төсвийн урьд оны үлдэгдэл 202.000.0 мянган төгрөг
Хоршоо хөгжүүлэх сан 61.219.6 мянган төгрөг
Байгаль хамгаалах Сан 3.150.0 мянган төгрөг
ХҮН АМ
Сумын хэмжээнд нийт 5711 хүн амтай ба Хүн амын 50.03 хувь буюу 2787 нь
эрэгтэй, 49.97 хувь буюу 2783 нь эмэгтэй
Сумын нийт хүн амын 34% нь буюу 1960 хүн сумын төвд, 66 % нь буюу
3750 хүн хөдөө оршин суудаг.
МАА-н зохион байгуулалт
Сагсай сум нь нийт 7 багтай ба түүний 2 нь суурин, 5 нь нүүдлийн баг юм.Нүүдлийн 4 баг нь хаврын цагаар 120-200 км нүүж малаа төллүүлдэг, зусч, намарждаг ба 10 дугаар сараас дахин нүүдэллэн ирж өвөл сумын төвөөс 5-50 км газарт өвөлждөг. Багуудын эзэмшлийн газрууд дараах байдлаар тогтоогдсон. Өвлийн цагаар: 1-р баг Модон хөшөө, Хаг, 2-р баг Хаалгат, Дунд уул, Өмнө голд, 3-р баг Бөхөн, Хар уулд, 4-р баг Битүү, 7-р баг Өмнө голд, 6-р баг Даян, Хаг, Нөрөөтөд, өвөлждөг ба хавар мал төллүүлэх цагаар 1-р баг Ямаат, Шар Бөөрөгт, Ирмэгтэд, 2-р баг Холагаш, Нүцгэнд, 3-р баг Цагаан асгатад, 4-р баг Хагт, 6-р баг Даянд, 7-р баг Бөхөн, Хаалгатад эзэмшил хашаа хороонд малаа төллүүлж, зуны цагаар хаваржаанаасаа нэг их холдолгүй зусацгаадаг юм.
Гүүр
Сумын нутаг дэвсгэрт нийт 10 гүүр байгаагаас төмөр бетон гүүр 3, Модон гүүр 7 байна. Турган, Сагсай, Хар чулуутын голд төмөр бетон гүүртэй, Цагаан асгат, Урт салаа, Холагаш, Даян, Ямаат, Сонгинотын голд модон гүүртэй.
Эрчим хүч, дулааны систем, цэвэр усны байгууламж:
Сум 1998 онд Баруун бүсийн эрчим хүчинд холбогдсон, 35 КВТ-ийн дэд станцтай. Сумын болон 4 дүгээр багийн төв, 4-р багийн Битүүд орших айл өрхүүд цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож ОХУ-аас цахилгаанаар хангагддаг. Хөдөөгийн багуудын малчдын 95 гаруй хувь нь нарны сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан.
Сумын төвийн төсвийн байгууллагууд /ЗДТГ, Цагдаагийн кабон, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Дотуур байр, Эрүүл мэндийн төв/ нэгдсэн халаалтанд холбогдож Каде ХХК-ний нэгдсэн халаалтын системээс дулаан хэрэглэж байгаа.
Усан хангамж: Сумын төв нь Ховд гол, Турган голын хөвөөнд оршдог тул усан хангамж сайн, усны нөөц сайтай.
Айл өрхүүд ундны усаа 3 гүний худаг, 200 гаруй энгийн худгаар хангадаг ба сумын төвд сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэгт 2, хөдөө бэлчээрийн усан хангамжийн 4 гүний худагтай.
Малын тоо
2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 184,023 толгой мал тоологдсноос: Тэмээ-231, Адуу 9.633, Үхэр-13.958, Хонь-95.159, Ямаа-65.042 байна.
1157 малчин өрх, 212 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 84,5 хувийг эзэлж байна.
Байгууллага, ААНэгжүүд
Сумын нутаг дэвсгэрт төсөвт байгууллага 8, төрийн бус болон олон нийтийн байгууллага 3, Хилийн салбар 1, Зэвсэгт хүчний анги 1 тус тус үйл ажиллагаа явуулдаг. Сумын төвийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Даянгийн 2 дугаар сургуульд 1016 хүүхэдтэйгээр, Хүүхдийн 3 цэцэрлэг 11 бүлэг, 326 хүүхэдтэйгээр, Эрүүл мэндийн төв нь 15 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Суманд Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Хилийн 0115 дугаар салбар, Цагдаагийн хэсэг зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа ба улсын болон агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, өдөр тутмын цэргийн бэлтгэл сургууль, бүтээн байгуулалтын ажил явуулж байна.
Улирлын чанартай Улаан уулын хилийн боомттой. Даянгийн улсын өвс, тэжээлийн нөөцийн цэгтэй.
Сумд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний 34 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 27 иргэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хөдөө аж ахуй чиглэлийн 10 / малын түхий эдийн 2, талх нарийн боов үйлдвэрлэх 2, сүү цагаан идээ 1, мал эмнэлгийн үйлчилгээний 5, газар тариалангийн 3/ , нийтийн хоолны газар 2, зочид буудал 2, худалдаа үйлчилгээний 21 цэг, мод модон эдлэлийн 2, оёдлын 4, аялал жуулчлалын чиглэлээр 1, барилгын материалын /цементэн тоосго, блок, шохой, элс хайрга/ 4 , цахилгаан засварын 1, таксины үйлчилгээ 5, нүүрсний тээвэр, худалдаа 3, Хадгаламж зээлийн хоршооны салбар 1, халаалтын 1, бензин шатахууны худалдаа 2, дархан 1 тус тус үйл ажиллагаа явуулдаг.
“ЕБО”, “НУР ОТАУ”, “ДАЯН НУУР”, “АХНИЕТ”, “ҮШТИЛЕК” зэрэг соёл үйлчилгээний газрууд, Зэвсэгт хүчний байранд нэг удаад 150-200 хүнийг хүлээн авч хувцаслах, хооллох боломжтой байр том, заалуудтай мөн цэрэг шилжүүлж бүлэглэх болон буудаллах зориулалтаар тус ангийн цэргийн байрыг ашиглах боломжтой. Мөн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ын 1-сургууль, Соёлын төв тус бүртэй 200-300 хүнийг хүлээн авч түр байрлуулах биеийн тамирын болон үзэгчдийн заалтай.
Одоо сумын төвд Хаан, Төрийн банкны бүгд 2 банкны салбар, “НИК петровис”, “Рысжан”, “Сагсай Ойл”, “Ерайдын” зэрэг 4 ШТС ээлжийн харуул манаатай үйл ажиллагаагаа явуулж байна. Нөөцийн агуулгатай, тус бүр 2-4 ш ёмкост /50 м3-ийн багтаамжтай/-той, ээлжийн харуулуудаар хамгаалагдсан.
Эрүүл мэнд
Сумын хэмжээнд Эрүүл мэндийн төвд нийт 38 ажилтан ажиллаж байна. Үүнд их эмч 3, багийн бага эмч 6, сувилагч 10, инженер 3, НЭМ-ийн ажилтан 1, эх баригч 1, лаборант 1, эм найруулагч 1, бусад 12 ажиллагсадтай, 21 ортойгоор хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Тус Эрүүл мэндийн төвийн Даян хүн эмнэлгийн салбар 3 ортой 6 сувилагч, 2 асрагчаар сумаас алслагдсан 1, 2, 3, 6-р багуудйн ард иргэдийн дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүд автомашины парк шинэчлэлийг Эрүүл мэндийн яамны болон бусад хөрөнгө оруулалтаар төлөвлөн хийж 2 эмнэлгийн машинаар хангагдсан. Сумын Эрүүл мэндийн төв Фургон маркийн, Даянгийн салбар УАЗ 469 машинаар хангагдсан.
Сумын онцлог:
.Ховд,Сагсай, Турган голын цутгалд байрласан, 3 голын бэлчээртэй, өвс, тэжээлийн нөөц бэлтгэх
хөгжих боломжтой
ургамлаар (хар мод,гацуур, хуш,нарс, улиас, бургас, хус, хайлаас, аарц, алтан гагнуур, хүн орхоодой, таван салаа, цагаан уул, удвал, Алтайн сармисан сонгино г.м) баян.
Харилцаа холбоо мэдээлэл:
Сум үүрэн холбооны Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтелийн сүлжээнд холбогдсон, Монголын цахилгаан холбоо ТӨК-ний салбартай суурин утас, кабель телевиз, интернетийн үйлчилгээ үзүүлдэг. Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК-ны салбар нь: Аймаг хот хооронд, сум хоорондын шилэн кабелийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Бусад үүрэн операторууд уг шилэн кабелийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр дотоод АТС , Шилэн кабелль, Мобиком, Скайтел, Жимобайл, Юнител сүлжээг ашиглан мэдээ мэдээлэлийг шуурхай явуулдаг нөхцөл боломж бүрдсэн. .Сумын төв шилэн кабелийн сүлжээнд холбогдсон. Үүрэн холбооны 4G сүлжээтэй.
Телевизийн олон сувгийг дамжуулах тоног төхөөрөмж ажиллаж байна. Сумын төвд 86 төрлийн суваг үзүүлдэг.